Нийтлэсэн: AdminDatamon

Хөрөнгө оруулалт татахад туслах 5 судалгаа

Зах зээлийн багтаамж
Хөрөнгө оруулагчийн хамгийн эхэнд мэдэхийг хүсэх зүйл бол тухайн зах зээлийн багтаамж болон бүтэц гэсэн үзүүлэлт юм. Энэхүү зах зээл нь сүүлийн жилүүдэд өссөн/буурсан эсэх, нийт хэдэн тоглогчтой, ямар ямар оролцогч талуудтай, тухайн зах зээлийн нийт хэмжээ ханасан эсэх, зах зээлийн сул орон зай хаана байгаа зэрэг нь хөрөнгө оруулагчдын хувьд маш чухал байдаг.

Хэрэглэгчийн зан төлөв
Зах зээлийг хөдөлгөгч гол хүчин зүйл бол хэрэглэгч байдаг ба хэрэглэгч хаашаа хөдөлж өөрчлөгдөнө тухайн зах зээл дагаж хувьсан өөрчлөгддөг. Хэрэв тухайн бизнес хэрэглэгч болон үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг мэдэрч түүнийг даган өөрчлөгдөж чадаагүй бол өрсөлдөөнөөс хасагдах нь илэрхий зүй тогтол юм. Иймд хөрөнгө оруулагчдын хувьд тухайн зах зээлд “Хэн?, Хаана?, Хэзээ?, Хэрхэн?, Яагаад?, Яаж?” хэрэглээд байгааг, тэдгээрийн цаашдын хандлагыг мэдэхийг зорино.

Өрсөлдөгчийн судалгаа
Хөрөнгө оруулагчдын хувьд дараагийн гол асуудал нь хэнтэй өрсөлдөх гэж байгаагаа мэдэх юм. Өөрөөр хэлбэл тухайн зах зээл дэх томоохон тоглогчид нь хэн байгаа, тэдгээрийн зэх зээлд эзлэх хувь хэмжээ, бүтээгдэхүүний үйлчилгээний онцлог шинж, давуу болон сул тал болоод хэн бизнесийг удирдан авч яваа нь чухал юм.

Хэрэглэгчийн сэтгэл ханамж, туршлага
Энэ хэсэгт та болон танай өрсөлдөгч нарын бүтээгдэхүүн үйлчилгээнээс хэрэглэгчид юуг мэдэрч, ямар сэтгэл ханамж авч, ямар туршлагыг олж авч байгааг тодорхойлох юм. Улмаар танай бүтээгдэхүүн, үйлчилгээ бусад өрсөлдөгч байгууллагаас юугаар ялгаатай болон онцлог болохыг тодорхойлохоос гадна, өрсөлдөгч компанийнхаа хэрэглэгчдийг хэрхэн өөртөө татах, үнэнч хэрэглэгчийг бий болгож хадгалж үлдэх арга замыг тодорхойлон, үүнд суурилсан стратеги төлөвлөгөө боловсруулснаар хөрөнгө оруулагч нарын итгэл үнэмшлийг нэмэгдүүлж чадна.

Компанийн туршлага
Эцсийн дүнд та өөрийгөө болон компаниа танилцуулан, дээрх зах зээлийг багтаамжид таарсан, гол хөдөлгөж буй хэрэглэгчийн сегментэд тулгуурлан, өрсөлдөгч компаниасаа илүү гарах арга замыг хийж чадах чадварлаг хүний нөөц, материал, техник технологи болон санхүүгийн боломжтой зэргээ батлан харуулах юм. Энд та өөрөө танилцуулга хийх эсвэл хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар санхүүгийн шинжилгээ, хүний нөөцийн чадавх, соёлын судалгаа, ажилчдын сэтгэл ханамж болон үйл ажиллагааны процессын шинжилгээ зэргийг хийлгэх боломжтой. Хөрөнгө оруулагчдын хувьд ашигтай гэж харсан зах зээлд найдвартай ажиллаж чадах чадварлаг баг хамт олныг хүсэх болно.

 

{$comments.length$} Сэтгэгдэл

  • image description

Сэтгэгдэл бичих

Нэвтрэх эсвэл бүртгүүлэх шаардлагатай