Нийтлэсэн: AdminDatamon

Ямар судалгааг ямар давтамжтай хийх хэрэгтэй байдаг вэ?

Зах зээлийн багтаамж, өрсөлдөгчийн судалгаа
Зах зээлийн багтаамжийн судалгааны зорилго нь зах зээлийн хэмжээ, өсөлт бууралт, өөрийн компанийн болон өрсөлдөгчдийн зах зээлд эзлэх хувь, хүчин чадал, үнэ зэргийг тодорхойлоход орших бөгөөд ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудтай харьцуулахад хаана явж байна вэ гэдгээ мэдэх чухал ач холбогдолтой байдаг. Зах зээлийн багтаамж, өрсөлдөгчийн судалгааг салбарын онцлог өрсөлдөөнөөс хамааран 6 сар тутамд аль эсвэл 1 жил тутамд 1 удаа хийлгэхэд тохиромжтой.
Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгчийн хүлээлтэд нийцэж байгаа эсэх, хэрэглэгч танай бүтээгдэхүүн үйлчилгээний юунд илүү ач холбогдол өгч байгааг илрүүлэх, сэтгэл ханамжтай байгаа эсэх болон хэрэглэгчийн үнэнч байдлыг тодорхойлох зорилгоор хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг хийдэг.Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг тодорхойлсноор тухайн байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгчийн хүлээлтэд нийцэж байгаа эсэх мөн хэрэглэгч цаашид хэр үнэнч байхыг илрүүлдэг. Энэхүү судалгааг үндсэн үзүүлэлтээ тогтмол хянах зорилгоор улирал тутамд хийлгэвэл хамгийн тохиромжтой.
Хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа
Хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа нь бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэж байгаа хэрэглэгчийн бүтэц (нас, хүйс, гэрлэлтийн байдал г.м), дадал зуршил (сонирхол), хандлага, худалдан авалтын онцлог, хэрэглэгчийн сонголтод нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох зорилготой бөгөөд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд хэрхэн, ямар аргаар байршуулах, зорилтот сегментийг тодорхойлох, мэдээлэл хүргэх, хэрэглэгчид тохирсон шинэ бүтээгдэхүүнийг бий болгох, тухайн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө зохиох зэрэгт чухал ач холбогдолтой судалгаа юм. Зан төлөвийн судалгааг бизнесийн онцлогоос хамааран хамгийн багадаа жилд 1 удаа хийх нь тохиромжтой байдаг.
Брэнд, имиджийн судалгаа
Брэндийн зах зээлд болон хэрэглэгчид байршиж буй үнэ цэнэ, брэндийн танигдсан байдал, чанар зэргийг тодорхойлох зорилготой.Компани болон бүтээгдэхүүн үйлчилгээ нийт хүн амд болон зорилтот бүлэгтээ хүрч чадсан эсэхээ мэдэх бөгөөд
– Брэндийн танигдсан байдал, хэрхэн хүлээн авч байгаа;
– Брэндийг хэрэглэж буй хэрэглэгчийн шинж чанар, брэндийг зорилтот хэрэглэгч нь хэрэглэж байгаа эсэх;
– Брэндийн зах зээлд эзлэх байр, үнэнч хэрэглэгчийн шинж чанар;
– Компанийн имидж, нэр хүндийг тодорхойлох зэрэгт чухал ач холбогдолтой судалгаа юм. Брэндийн хоногшилт, нэр хүндээс хамааран 1-2 жил тутамд 1 удаа брэнд, имиджийн судалгааг хийлгэх хэрэгтэй.

Бүтээгдэхүүний туршилт судалгаа
Энэхүү судалгаа нь зах зээлд санал болгож буй бүтээгдэхүүний амт, чанар, өнгө үзэмж нь хүмүүст хэр хүрч байгаа, ижил төрлийн бүтээгдэхүүнээс юугаараа ялгаатай байгааг хэрэглэгчийн үнэлгээгээр гаргадаг судалгаа юм. Мөн шинээр нэвтрүүлэх үйлчилгээг зорилтот бүлгийн хэрэглэгчид хэрхэн хүлээж авахыг тодорхойлдог. Энд: Blind test, Сав баглаа боодлын туршилт судалгаа, Бүтээгдэхүүний концепт тест, Ижил төрлийн бүтээгдэхүүний харьцуулсан судалгаа зэрэг судалгаанууд хийгддэг. Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нь аль бүлэгт тохирох эсвэл тухайн бүтээгдэхүүн үйлчилгээнд ямар өөрчлөлт оруулвал хэрэглэгчид сайнаар хүлээж авах зэрэг шийдвэр гаргах үндэс болдог бөгөөд зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргах, нэгэнт зах зээлд нэвтэрсэн бүтээгдэхүүн үйлчилгээг өөрчлөх үедээ тогтмол хийлгэж байх хэрэгтэй.
Нууц худалдан авалтын судалгаа
Нууц худалдан авалтын судалгаа нь урьдаас бэлтгэгдсэн нууц хэрэглэгч үйлчилгээний салбараар үйлчлүүлж үйлчилгээний чанар болон орчны тохижилтыг стандартад нийцэж байгаа эсэхийг тодорхойлох, ямар түвшинд байгааг үнэлэх зорилгтой. Харилцагчийн үйлчилгээ бодит байдалд ямар байгааг хэрэглэгчийн нүдээр тандаж мэдэх бөгөөд
– Үйлчилгээний процессыг үнэлэх;
– Үйлчилгээний чанарт хяналт тавих, дутагдлыг илрүүлэн гаргах;
– Үнэлэх, сайжруулах арга хэмжээ авах зэрэг ач холбогдолтой. Бизнесийн онцлогоос хамаарч 6 сараас 1 жил тутамд 1 удаа хийлгэхэд тохиромжтой.
Эцэст нь хэзээ ямар судалгаа хийлгэхээ мэдэхгүйгээс үүдэн үргүй зардал гаргах, зах зээл дээрх багтаамжаа алдах, өрсөлдөөний давуу талаа алдах зэрэг олон сөрөг талтай байдаг. Тиймээс хэрвээ та өөрийн байгууллагадаа дээр дурдсан судалгаануудаас хийлгэхээр төлөвлөсөн бол дараа дараагийн удаад ямар давтамжтай хийлгэх талаар бодож үзээрэй.

{$comments.length$} Сэтгэгдэл

  • image description

Сэтгэгдэл бичих

Нэвтрэх эсвэл бүртгүүлэх шаардлагатай